> ## Content Index
> Fetch the complete content index at: https://www.paperandtonic.com/llms.txt
> Use this file to discover other available public pages before exploring further.

# At Second Glance
- URL: https://www.paperandtonic.com/at-second-glance/
- Published: 2026-11-14T09:09:06.000Z
- Updated: 2026-11-14T09:09:06.000Z
- Author: Paper & Tonic
- Tags: Tonic found.

*Бидний анхны сэтгэгдэл хүний сэтгэл зүйн байдлыг хэр үнэн зөв илэрхийлдэг вэ?*

Метронд ганцаараа сууж, гунигтай харагдах эрэгтэй. Харин түүний ард хоёр хүн инээмсэглэн ярилцана. Гэрэл зургийн наад хэсэгт “Стеффен сэтгэл гутралтай” гэж бичжээ.

Зургийг анх харсан хүн ганцаараа суугаа эрэгтэйг Стеффен гэж таамаглаж болох ч анхааралтай ажиглавал ард нь инээмсэглэн сууж буй эрэгтэйг “Энэ бол Стеффен” гэж тэмдэглэсэн байна.

Германы Сэтгэл гутралын тусламж, амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх сангийн санаачилгаар Grabarz & Partner агентлагийн бүтээсэн **“At Second Glance”** кампанит ажил үзэгчдийн энэхүү анхны таамаглалд тулгуурлажээ.

2023 онд танилцуулагдсан уг кампанит ажлын гурван гэрэл зурагт метро, кафе, зоогийн газар зэрэг өдөр тутмын орчинд байгаа хүмүүсийг дүрсэлсэн. Зураг бүрд сэтгэл гутралтай хүний нэрийг бичсэн боловч тэр хүн нь бидний эхэнд анзаарсан, гунигтай эсвэл ганцаардмал харагдаж буй нэгэн биш юм.

![](https://storage.ghost.io/c/f8/ab/f8abb9a8-632f-4aa7-87ad-da302f159895/content/images/2026/11/Sarah.webp)

Харин ч бусадтай инээмсэглэн ярилцаж, гаднаас нь харахад ямар нэгэн асуудалгүй мэт санагдах хүн байдаг.

Энэ бол кампанит ажлын гол санаа: **Сэтгэл гутралд тодорхой нэг царай байдаггүй.**

Бид сэтгэл гутралыг гунигтай царай, ганцаардал, идэвхгүй байдалтай холбон төсөөлөх нь бий. Гэвч хүний гаднах төрх түүний сэтгэл зүйн байдлыг үргэлж илэрхийлдэггүй ажээ.

![](https://storage.ghost.io/c/f8/ab/f8abb9a8-632f-4aa7-87ad-da302f159895/content/images/2026/11/Screenshot-2026-11-14-at-17.03.27.png)

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тайлбарласнаар сэтгэл гутрал нь өдөр тутмын сэтгэл санааны түр зуурын өөрчлөлтөөс ялгаатай бөгөөд удаан хугацаанд үргэлжлэх сэтгэл гутарсан байдал, аливаа зүйлээс таашаал авах сонирхол буурах зэрэг шинжээр илэрч болно. Мөн нойр, хоолны дуршил, эрч хүч, төвлөрөлд нөлөөлөх боломжтой.

Гэвч эдгээр өөрчлөлт бусдад тэр бүр анзаарагддаггүй. Сэтгэл гутралтай хүн ажилдаа явж, бусадтай уулзаж, инээмсэглэж, өдөр тутмын амьдралаа үргэлжлүүлж байж болно. Тиймээс хэн нэгэн гаднаас нь харахад зүгээр мэт санагдаж байгаа нь түүнд тусламж, дэмжлэг хэрэггүй гэсэн үг биш.

**“At Second Glance” кампанит ажлын онцлог нь үзэгчдэд бэлэн дүгнэлт өгөхөөс илүүтэй, өөрсдийнх нь хийсэн дүгнэлтийг эргэн харахад хүргээ буйдаа орших мэт.**

Зураг дээрх хүмүүсийн тухай бид бараг юу ч мэдэхгүй. Гэвч ердөө нэг харцаар тэдний сэтгэл зүйн байдлыг таамаглаж, өөрийн мэдэлгүй дүгнэлт хийж амждаг. Харин зургийг дахин харахад анх төрсөн сэтгэгдэл бодит байдалтай нийцэхгүй байж болохыг ойлгоно.

Кампанит ажлын нэр ч үүнтэй холбоотой. “At Second Glance” буюу хоёр дахь удаагаа харахад.

---

**Кампанит ажил:** At Second Glance (Auf den zweiten Blick)

**Санаачлагч:** Stiftung Deutsche Depressionshilfe und Suizidprävention

**Бүтээлч агентлаг:** Grabarz & Partner, Герман

**Гэрэл зураг:** Philipp Rathmer

**Он:** 2023; Германы хотуудад 2024 онд түгээсэн

**Эх сурвалж:* Stiftung Deutsche Depressionshilfe und Suizidprävention, Grabarz & Partner, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага.*