600K Network: Сонгуулийг иргэд өөрсдөө хянасан нь
“Дэлхийн тэмдэглэл” булангийн эхний дугаарт Венесуэлд хэдэн зуун мянган хүн нэгдэж, ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг төрийн байгууллагын мэдэгдлээр бус, сонгуулийн системийн өөрийнх нь гаргасан баримтаар бие даан шалгах боломж бүрдүүлсэн ер бусын ажиллагааг сонирхуулъя.
2024 оны долдугаар сарын 28-нд Венесуэл улс ерөнхийлөгчөө сонгов.
Энэ бол ердийн нэг ээлжит сонгууль байсангүй. Тухайн үед Николас Мадуро аль хэдийн 11 жилийн турш тус улсын ерөнхийлөгчөөр ажиллаж, гурав дахь бүрэн эрхийн хугацааныхаа төлөө өрсөлдөж байлаа. Тэрээр 2013 онд Уго Чавес нас барсны дараа ерөнхийлөгч болж, 2018 онд дахин сонгогдсон ч гол сөрөг хүчний намууд тухайн сонгуулийг бойкотолж, үр дүн нь дотоод, гадаадад хүчтэй маргаан дагуулсан юм.
Зургаан жилийн дараа Венесуэлчүүд дахин саналын хайрцгийн өмнө ирэв. Гэхдээ энэ удаа олон хүний хувьд асуулт нь зөвхөн хэн илүү олон санал авах вэ гэдэгт байсангүй. Сонгууль үнэхээр шударга явагдаж байна уу, өгсөн санал нь эцсийн дүндээ үнэн зөв тоологдож байна уу гэдэгт эргэлзэх шалтгаан аль хэдийн хангалттай бий болсон байлаа.