Бидний мэдэх Монгол, 2026 он
Би Монголд төрсөн. Энд өсөж, сургуульд сурч, ажил хийж, амьдарч байна. Монгол хэлээр ярьдаг, Монгол Улсын иргэн, сонгуульд саналаа өгдөг. Өдөр бүр энэ улсын нэг хэсэг болж амьдардаг хэрнээ хааяа өөрийнхөө амьдарч буй нийгмээс нэг л хөндий, холбоогүй мэт санагдах үе цөөнгүй.
Би өөрийнхөө тухай бодохдоо ихэвчлэн өөрийн туулсан амьдрал руугаа эргэж хардаг байлаа. Хүүхэд нас, гэр бүл, сургууль, сонголтууд, алдаа, амжилт, танилцсан хүмүүс. Намайг өнөөдрийн би болгоход юу нөлөөлснийг ойлгохын тулд энэ бүхнийг эргэцүүлнэ.
Гэтэл өөрийнхөө амьдралын тухай хэчнээн бодлоо ч хариулж чадахгүй асуултууд үлдээд л байлаа.
Би ямар нийгэмд төрж өссөн юм бол? Миний эцэг эх ямар нийгэмд залуу насаа өнгөрүүлсэн бол? Тэдний хувьд ажилтай байх, мөнгө олох, гэр бүлээ авч явах, ирээдүйгээ төсөөлөх гэдэг өнөөдрийн биднийхтэй адилхан утгатай байсан болов уу?
Ингэж бодох тусам би Монголын тухай, тэр тусмаа өнөөдрийн Монгол хэрхэн бий болсон тухай тийм ч сайн мэддэггүйгээ анзаарсан юм.
Мэдээж Монголын түүхийн тухай огт мэдэхгүй гэсэн үг биш. Сургуульд түүх үзсэн. Чингис хаан, Монголын эзэнт гүрэн, Манжийн эрхшээл, тусгаар тогтнол, ардын хувьсгал, ардчилсан хувьсгалын тухай сонсож, уншиж байсан. Гэхдээ эдгээр үйл явдал өнөөдөр миний амьдарч буй нийгэмтэй яг ямар холбоотойг хэр зэрэг ойлгосон билээ?
1990 онд Монголд ардчилсан хувьсгал өрнөсөн гэдгийг мэднэ. Харин тэр үед хүмүүсийн амьдралд чухам юу өөрчлөгдсөн, ямар боломжууд нээгдэж, ямар бэрхшээлүүд тулгарсан, тэр өөрчлөлтүүд өнөөдрийн бидний амьдралд хэрхэн нөлөөлснийг би хэр сайн мэдэх вэ?
Түүх гээч нь надад үргэлж өөрөөс минь хол зүйл шиг санагддаг байлаа. Аль хэдийн болж өнгөрсөн үйл явдлууд, он цаг, хүмүүсийн нэрс. Тэдгээрийг мэдэж байхад илүүдэхгүй ч миний өдөр тутмын амьдралтай төдийлөн хамааралгүй мэт.
Харин одоо ямар нэг үйл явдал болсон гэдгийг мэдэх, тэр үйл явдлын үр дагаврыг ойлгох хоёр огт өөр зүйл юм байна гэж бодох болсон.
Өөрийнхөө өнөөдрийн амьдралыг ойлгохын тулд зөвхөн өөрийнхөө ой санамжийг эргүүлж үзэх нь хангалтгүй байж мэдэх юм. Надаас өмнө амьдарч байсан хүмүүсийн туулсан амьдрал, миний төрөхөөс өмнө гарсан шийдвэрүүд, тэр бүхний үлдээсэн ул мөрийг ч эрж хайх хэрэгтэй болж байна.
Яруу найрагч Өлзийгтөгсийн шүлэгт ийм гайхалтай мөрт байдаг:
“Шарласан хуудсыг нь харахын төдийд
Шархийн урагдах хуучны номонд маргаашийн тухай бичээстэй.”
Хэрэв Монголын тухай юу ч мэдэхгүй хүнд өнөөгийн Монгол Улсыг танилцуулах хэрэгтэй болбол би юунаас эхлэх вэ?
Энэ асуултын хариуг хайхаар “Орчин үеийн Монголын урвуу түүх” цувралыг эхлүүлэхээр шийдсэн юм. Өдөр бүр амьдарч буй улс орноо эхлээд өнөөдрийнх нь дүр төрхөөр харж, дараа нь тэр дүр төрхийг бий болгосон үйл явдал, шийдвэр, өөрчлөлтүүдийг цаг хугацааны эсрэг чиглэлд эргэн судлахыг хүсэж байна.
Түүхийн тухай бүхнийг мэддэг учраас биш, харин мэдэхгүй зүйл олон байгаагаа анзаарсан учраас. Аль нэг үйл явдал хэзээ болсныг мэдэхээс гадна тэр үед хүмүүс хэрхэн амьдарч, юу өөрчлөгдөж, бидний өнөөдрийн амьдралд юу үлдсэнийг ойлгохыг хүсэж байна.
Эхний дугаарт өнгөрсөн рүү буцахгүй. Харин 2026 оны Монгол Улсыг, энд амьдарч буй хүмүүсийг, бидний ердийн зүйл мэт хүлээж авдаг амьдралыг олон талаас нь харж үзье.