Орчин үеийн Монголын урвуу түүх

Итгэл, эсэргүүцэл, эрх мэдэл: 2025 оны Монгол

Итгэл, эсэргүүцэл, эрх мэдэл: 2025 оны Монгол
Гэрэл зураг: Ганьдмаагийн Ананд

2025 оны тавдугаар сард Улаанбаатар хотын төв талбайд иргэд цуглаж эхлэв. Тэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцрохыг шаардаж байлаа.

Жагсаал өрнөхөд нөлөөлсөн гол шалтгаануудын нэг нь Ерөнхий сайдын хүүгийн тансаг хэрэглээтэй холбоотой олон нийтийн сүлжээнд тархсан мэдээлэл байв. Төрийн өндөр албан тушаалтны гэр бүлийн хөрөнгө, орлогын эх үүсвэрийг тайлбарлахыг шаардсан иргэдийн эсэргүүцэл удалгүй авлига, улс төрийн хариуцлагын тухай өргөн хүрээний хэлэлцүүлэг болон өргөжсөн юм.

Жагсаал хэдэн долоо хоног үргэлжилсний эцэст 2025 оны зургаадугаар сарын 3-нд Л.Оюун-Эрдэнэ Улсын Их Хурлын итгэлийг хүлээж чадаагүй гэдэг шалтгаанаар Ерөнхий сайдын албан тушаалаасаа огцров. Харин үүнээс өмнө, тавдугаар сарын сүүлээр Монгол Ардын Нам Ардчилсан Намтай хамтарсан Засгийн газраа үргэлжлүүлэхгүй байхаар шийдвэрлэсэн байлаа. Ийнхүү 2024 оны сонгуулийн дараа байгуулагдсан МАН, АН, ХҮН намын хамтарсан Засгийн газар нэг жил ч хүрэлгүй задарч, улс төрийн эрх мэдлийн хуваарилалт дахин өөрчлөгдөхөд хүрсэн юм.

Гэвч тухайн үед өрнөсөн үйл явдлыг нэгэн мэдээллээс үүдэлтэй жагсаал, улмаар Ерөнхий сайдын огцролтоор хязгаарлан ойлгох боломжгүй. Иргэдийн төрд тавих шаардлага, улс төрийн байгууллагуудад итгэх итгэл, эрх баригч намуудын хоорондын харилцаа зэрэг олон асуудал энэ үйл явдалтай холбогдож байлаа. 

Тиймээс 2025 оны хаврын жагсаал зөвхөн нэг Засгийн газрын хувь заяаг өөрчилсөн үйл явдал байсан уу, эсвэл Монголын нийгэм, улс төрд өмнө нь хуримтлагдсан асуудлуудын илрэл байсан уу гэдгийг эргэн харах нь зүйтэй.