Opinion

Хиймэл мэдлэгийн төөрөгдөл

Бүхнийг товчилж, хялбарчилсан хэлбэрээр хүлээж авч, олж авсан мэдээллээ хангалттай гэж үзсээр байвал эцэст нь хүн төрөлхтний “мэдлэг”-ийн талаарх төсөөлөл хүртэл өөрчлөгдөж мэдэхээр байна.

Хиймэл мэдлэгийн төөрөгдөл

Сүүлийн үед хүмүүсийн хоорондын ярианд нэг сонин итгэлтэй өнгө нэмэгдсэн мэт санагдах болов. Хооллолт, сэтгэл зүй, улс төр, эдийн засаг, харилцаа, технологи, түүх, урлаг гээд өмнө нь тухайн салбарын хүмүүсээс л сонсдог байсан үг хэллэг өдөр тутмын ярианд чөлөөтэй орж иржээ.

Хэн нэгэн бага насны сэтгэлийн шарх хүний зан төлөвт яаж нөлөөлдгийг тайлбарлана, нөгөө нь юмны үнэ яагаад өсөөд байгааг эдийн засгийн шалтгаантай нь ярьж өгнө, өөр нэг нь хүмүүс яагаад харилцаанд нэг нь зууралдаж, нөгөө нь зай барьдгийг ангилан тайлбарлаж сууна. Сонсоход тухайн сэдвийг нэлээд сайн мэддэг мэт. Гэтэл тэр “мэдлэг” хаанаас ирсэн бэ гэдгийг жаахан ухвал TikTok дээр үзсэн хэдэн бичлэг, YouTube-ийн нэг тайлбар, Google-ийн хиймэл оюун ухаанаар гаргуулсан хураангуй, эсвэл хиймэл оюунаас таван секундын дотор авсан хариулт байх нь элбэг.

Түүнээс ч илүү сонин нь, аливаа зүйлийн талаар багахан ойлголт авах төдийд түүнийгээ мэдлэг гэж мэдэрч эхэлж буй явдал. Цааш нь ухаж үзэх, өөр эх сурвалж хайх, анх сонссон зүйлдээ эргэлзэх, ер нь тухайн сэдвийн цаана өөр юу байгааг сонирхох хүсэл төдийлөн төрөхгүй мэт. Ерэн секундийн бичлэгээс сонссон хэдхэн санаагаа тун итгэлтэй ярих тохиолдолтой цөөнгүй тааралдах болсон тул хүмүүсийг ийм хурдан “хангалттай мэддэг” гэсэн мэдрэмжид хүргэж байгаа зүйл нь юу юм бол гэсэн сониучирхал төрж, энэ талаар нухацтай ухаж үзэв.

Мэдлэг хүссэн үед маань хажууд ингээд үргэлж байж байх юм бол түүний араас үнэнхүү зовж олж авах хэрэг байна уу даа?