Миний яг юу нь болохгүй байгаа юм бол оо?
Friends цувралын нэг ангид Чандлер найзуудтайгаа ярилцаж суухдаа гэнэт “Ер нь миний юу нь болохгүй байгаа юм бол?” гэж өөрөөсөө асуугаад, тэр дороо “Өө, үгүй ээ. Тэр сэдвийг өнөөдөр сөхөхгүй шүү” хэмээн өөрийгөө зогсоодог. Чандлерийн хэлсэн үг хөгжилтэй байсан болохоор ч тэр үү, эсвэл өөрт минь дэндүү танил асуулт байсан болохоор ч тэр үү, одоо ч гэсэн үе үе санаанд ордог юм.
Учир нь заримдаа өөрийнхөө тухай бодож эхлэхээр олж харах өө сэв мундахгүй. Ялангуяа хэн нэгэнтэй санал зөрөлдсөн, ямар нэг зүйл хүссэнээр болоогүй, эсвэл өөрийнхөө гаргасан хариу үйлдэлд сэтгэл дундуур үлдсэн үедээ болсон явдлыг эргүүлж бодоод, яагаад арай тайван байж болоогүй юм бол, яагаад заавал ингэж хүлээж авсан юм бол гэж өөрийгөө байцааж эхэлнэ. Тэгээд тухайн үед гаргасан үйлдэлдээ эргэлзэхээс цаашлаад ер нь миний зан чанарт, бүр надад өөрт минь нэг болохгүй зүйл байдаг юм болов уу гэж бодоход хүрдэг.