Бидний Монгол

Монголчууд түүхээ хаана хадгалдаг вэ?

Монголчууд түүхээ хаана хадгалдаг вэ?

Манайх намайг бага байхад долоо хоногт дор хаяж нэг удаа мах чанаж иддэг байлаа. Тогоонд хонины мах буцалж, үнэр нь гэрээр нэг тархахад удалгүй бүгд хоолны ширээний ард цугларна.

Хөдөө өссөн аав маань хонины мах яагаад Монгол хүнд хамгийн сайн хүнс болох тухай ярих дуртай. “Хонь байна шүү дээ, Монголын хөрсөнд ургаж байгаа гурван зуу гаруй төрлийн эмийн ургамал иддэг, хүний биед хэчнээн сайн гэж бодно. Монголчуудыг хэдэн зуун жил хахир хүйтнийг ажралгүй давахад тусалсан амьтан” гэж тайлбарлана. Аавын ярианаас сонсоход хонины мах шиг сайн хүнс энэ дэлхийд өөр байхгүй мэт.

Харин би хонины маханд дургүй хүүхэд байлаа. Аавынхаа яриаг хэчнээн сонссон ч чанасан мах идэх болохоороо маяглаж, аль болох бултахыг хичээнэ.

Аавын тэр яриануудыг тухайн үед би нэг их чухалчилж сонсдоггүй байсан санагдана. Хөдөө өссөн хүн болохоороо л ингэж ярьдаг байх гэж боддог байв. Гэхдээ яагаад ч юм, олон жилийн дараа ч тэр үгс нь санаанаас гарсангүй.

Одоо эргээд бодоход аав маань зөвхөн хонины махны тухай яриагүй ч юм билүү. Өөрийн өсөж торнисон ахуй, мэддэг ертөнцийнхөө өчүүхэн хэсгийг надад үлдээсэн нь тэр байж мэднэ.

Түүх заримдаа хоолны ширээний ард ч хадгалагддаг ажээ.