Утсаа тавьж чадахгүй байгаа нь Meta-ийн буруу юу?
Өөрөө олон жил тамхи татчихаад эрүүл мэндээрээ хохирсныхоо төлөө тамхины компанийг, эсвэл өдөр бүр түргэн хоол идчихээд илүүдэл жинтэй болсныхоо төлөө түүнийг зардаг газрыг буруутгавал ямар санагдах бол?
Хүн өөрөө юу хэрэглэх, хэр их хэрэглэхээ шийддэг байтал гаргасан сонголтынхоо үр дагаврыг өөр хэн нэгэнд хариуцуулах нь нэг л ойлгомжгүй санагдана. Гэтэл энэ онд АНУ-д болсон нэгэн шүүх хурал дээр үүнтэй тун төстэй маргаан өрнөж, эцэст нь дэлхийн хамгийн том технологийн компаниудын нэгийг буруутай гэж үзжээ.
Бага наснаасаа Instagram хэрэглэж эхэлсэн, өдгөө 20 настай нэгэн эмэгтэй тус платформ өөрийг нь донтуулж, сэтгэл зүйн эрүүл мэндэд нь сөргөөр нөлөөлсөн хэмээн Meta компанийг шүүхэд өгсөн бөгөөд 2026 оны гуравдугаар сард тангарагтны шүүгчид түүний талд шийдвэр гарган, Meta болон Google компаниудаар нийт зургаан сая ам.долларын нөхөн төлбөр төлүүлэхээр тогтоосон юм.
Энэ мэдээг анх уншаад үнэхээр гайхснаа нуух юун. Хүн өөрөө Instagram хэрэглэчихээд, түүндээ донтсон гэж компанийг нь шүүхэд өгч болно гэж үү? Instagram биднийг хүчээр утасны ард суулгадаггүй, хүсвэл хэрэглээгээ хязгаарлаж, бүр аппликейшнаа устгах ч боломжтой шүү дээ. Тэгээд ч юу ч хэрэглэсэн хэр хэмжээгээ мэдэж байх нь хувь хүний хариуцлагын асуудал гэж үздэг надад шүүхийн энэ шийдвэр бүр ч сонин санагдсан юм.